Saturday, June 20, 2009

Өнөөдрийнх шиг өдөр

Энэ шүлэгийн нэрийг би нэг дууны нэрнээс сэдэвлэж бичсэн юм. Английн алдарт Keane хамтлагийн "On A Day Like Today" гэдэг дуу надад их таалагдаж нэг хэсэг байнга сонсдог байлаа. Тэр үед л өнөөдрийнх шиг өдрөөр гэсэн мөрт толгойнд уяатай болж, энэ үг ямар гоё утга илэрхийлж байна аа гэж бодож явах болсон юм. Тэгээд тэр нэг намрын тэр нэг өдөр түүнтэй уулзан ярилцаж, дурсамжтай өнгөрсөн өдрийн орой нь нэг иймэрхүү шүлэг бичиж билээ хэхэ. Таалан уншина уу. (Энэ шүлэгийн агуулга дээрх дууны үгний агуулгаас шал өөр шүү.)

Өнөөдрийнх шиг өдөр

Өнөөдрийнх шиг ийм өдөр
Өнө мөнхөд үргэлжлээсэй
Өгөх бүхнийхээ эхэнд
Өөрийгөө би аваачлаа шүү

Намар оройн салхинд
Насаараа даарахгүй дээ
Харин ч чи бид хоёрын сэтгэлд
Хавар эхэлж байгаа шүү дээ

Унах навчсын дундуур
Ургасан цэцэг чи байсан
Учирлах чин зүрхний үгс дундаас
Уруулд хамгийн амттай нь чиний нэр байсан

Намрын салхинд газарт хөглөрсөн
Навчсын дундаас үнэрийг чинь хайсаар
Өөрийн зүрхээр мэдэрч сэтгэлээр танисан
Өнөөдөр олж авсан сарнай чи минь

Ирээдүй болгож өчигдрөөс
Ихэмсэг мөрөөдлийг минь эхлүүлсэн
Өнөөдрийнх шиг ийм өдөр
Өнө мөнхөд үргэлжлээсэй

Миний цаг хугацаа

Миний цаг хугацааны хэмжүүр

Мөч хормоор од мэт нисэн өнгөрч

Мянган жилээр нэг зогсолтонд орно

Орчлонгийн он цагийн хүрднээс

Олон дахин хурдан бас удаан эргэлдэнэ

Хүссэн бүхэн

Хүлээлт болж

Хүлээсэн бүхэн

Хүрдэнд эргэлдэнэ

Хайртай гэж хэлэхэд

Хагас хором болсон ч

Хайртайгаа хэлэхээс өмнө

Хэр удаан санасныг багцаалшгүй

Улиран улиран сар хоног өнгөрөвч

Уулзах мөч ойртохгүй

Уруул дээр чинь хоромхон үнсэхэд

Улирал хэдэнтээ солигдсоныг анзаарахгүй

Санан ганцаардаж хүсэн мөрөөдөхөд

Сар жилүүд өнгөрөхгүй ч

Хайрлан тэвэрч хамт байхад минь

Харвасан сум шиг өнгөрдөг

Миний цаг хугацааны хэмжүүр

Удаан түргэний туйл болж

Уйтгар баяслын хэмжүүр болсон ч

Хайртай гэдэг минь

Хайртайгаа мэдэрч амьдрах минь

Харин хэзээд ч гэсэн

Үргэлжид мөнхийнх нь сайхан юм даа

Thursday, May 22, 2008

Дурлал юунаас эхэлдэг вэ?



Дурлал юунаас эхэлдэг вэ?

Дундаа хуваасан алимнаас уу

Дурсгаж өгсөн цэцэгнээс үү

Догдлож бичсэн шүлэгнээс үү

Хайр хэзээ эхэлдэг вэ?

Анх харсан цагаас уу

Анх учирсан мөчөөс үү

Анх үнссэн үеэс үү

Дурлал юунаас эхэлдэг вэ?

Дур булаасан аашнаас уу

Дуугүй ширтэх харцнаас уу

Дулаахан халуухан сэтгэлээс үү

Хайр юунаас эхэлдэг вэ?

Халуун янаг уруулаас уу

Хараад баймаар царайнаас уу

Хамтдаа гэсэн итгэлээс үү

Дурлал хаанаас эхэлдэг бэ?

Анхалж харсан газраас уу

Сэмхэн уулзсан болзооноос уу

Сэтгэлээ илчилсэн учралаас уу

Шинэ дэвтэр

Сайн уу даа охин минь

Саран нарны гэрэлтүүлж өгсөн нарийхан жимээр

Сарнай цэцэгсийн үнэрийг даган явсаар

Сац бас салхинд туугдсаар дэргэд чинь би иржээ

Шинээр эхэлсэн шүлгийн дэвтэр шиг

Чи бидэн хоёрын урд

Шимтэн бичих дурлалын түүх байна

Энэ шүлгийн дэвтрийн

Эргэх хуудас бүр дээр

Энгүүн ааш чинь

Итгэл өгдөг тухай

Энхрий үгс чинь

Хайр төрүүлдэг тухай

Эгэл харц чинь

Жаргал өгдөг тухай

Энэ дэвтэр дээр бичнэ

Чиний тухай

Миний тухай

Чин хүслийн тухай

Халуун дурлалын

Хайр сэтгэлийн

Дуутай

Дарстай

Бас нулимстай

Анхилам

Амтлаг

Бас гашуун

Ийм шүлэг

Энд бичигдэнэ

Ирээдүй жаргалын тэнгээр

Аз жаргал хайрын тэнгээр

Хайр дурлал итгэлийн тэнгээр үргэлжилнэ шүү

Өөрийгөө надаас авах уу


Зүгээр тэр нэгэн бүсгүйн

Зүс, нүдийг нь анх харснаас хойш

Зүүд нойронд минь чи ирдэг болсон

Чи миний ухаан бодолд шингэсэн

Зүгээр тэр нэгэн бүсгүйг

Зүүдэлж хоносноос хойш

Зүрх сэтгэлээс минь салахаа болисон

Чамайг би өөртөө шингээсэн


Чиний тухай төсөөлөл мөрөөдөл

Надад бүгд байгаа ч гэсэн

Өөрийнхөө ухаан бодлоор

Өмнө чинь би очлоо

Өөрийгөө надад өгөх үүбй

Өөрийгөө надаас авах уу

Чамтай ярьж үзлээ




Чамтай би ярьж үзлээ

Хүрэшгүй алсын од

Биелэшгүй мөрөөдөл

Би тэр хүнтэйгээ ярьж үзлээ

Нүдэнд золбоо чинь тодорч

Нүүрэнд мишээл чинь гэрэлтэж

Нүцгэн уруулын чинь цаанаас ниссэн

Нууц биш эгэл үгсийг чинь сонслоо

Нисэн дүүлэх шувууд үдлэх шиг

Нүдэнд зуурхан солонго туяарах шиг

Чихэнд уянгат эгшиг хоногших шиг

Чимээгүй урссан аялгууг чинь би сонслоо

Хэлэн дээрээс чинь сувд асгарах мэт

Хөлөн доороос чинь цэцэг дэлгэрэх мэт

Мөрөн дээрээс чинь шувуу нисэх мэт

Чиний ярихыг би харж зогслоо

Төсөөлж байсан минь дутуу байж

Бодож явсан минь ч бага байж

Чамтай би зүгээр ярьж үзлээ

Чиний тухай зүүд минь уртаслаа